ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА

  • 2025-01-07

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит шүүгчдийн зөвлөгөөнөөр тус шүүхийн Хэрэг хуваарилах журамд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулан шинэчлэн баталж, мөн оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтлоо. Зөвлөгөөнөөр тус шүүхийн 2024 оны бүтэн жилийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарын судалгааг гаргаж шүүгчдээр хэлэлцүүлэн, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон Улсын дээд шүүхийн зарим тогтоолуудад хийсэн судалгаатай танилцсан байна.

            Давж заалдах шатны шүүх 2024 оны бүтэн жилийн байдлаар иргэний 93 хэрэг хянан шийдвэрлэснээс  53 (57 хувь) хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 17 хэргийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 23 хэргийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, эрүүгийн нийт 63 хэргийг шийдвэрлэснээс 28 (44 хувь) хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 13 хэргийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 22 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Түүнчлэн зөрчлийн 41 хэргийг шийдвэрлэснээс 22 (54 хувь) хэргийн шийтгэврийг хэвээр үлдээж, 12 хэргийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж, 3 хэргийн шийтгэврийг хүчингүй болгосон бол 4 хэргийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Судалгаагаар тус давж заалдах шатны шүүх 2024 онд иргэний 93 хэрэг хянан шийдвэрлэснээс 42 (45,16 хувь) хэрэг, эрүүгийн 63 хэрэг шийдвэрлэснээс 25 (39,68 хувь) хэрэг тус тус Улсын дээд шүүхээр хянагджээ. Үүнээс, Улсын дээд шүүхээр хянагдсан иргэний 42 хэргээс 38 (90,6 хувь) хэргийн магадлал хэвээр батлагдаж, 2 (4,7 хувь) хэргийн магадлалд өөрчлөлт оруулж, 2 (4,7 хувь) хэргийн магадлалыг анхан шатны шүүхийн шийдвэртэй хамт хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн, Улсын дээд шүүхээр хянагдсан 25 эрүүгийн хэргээс 22 (88 хувь) хэргийн магадлал хэвээр батлагдаж, 2 (8 хувь) хэргийн магадлалд өөрчлөлт оруулж, 1 (4 хувь) хэргийн магадлалыг шийтгэх тогтоолтой нь хамт хүчингүй болгож шийдвэрлэсэн чанарын үзүүлэлт гарсан байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2025-01-07